Амьсгалахад цаг гаргаж
Амтлахад амьдралаа зориулж
Энгийнээс энгийн оршиж
Удаанаас удаан амьдарна
Өөрийн доторх үнэний үрээс
Зөвийг тогтоох иш соёолно
Өрөөлийг ургуулах тэмүүллээс
Сайханыг болгоох сэтгэл үүснэ
Хүний сэтгэлийн уг чанараас
Хөрстийг чимж цоморлог дэлгэрнэ
Хүслийн хорвоо угтаа нэрийн төдий ч
Хүний төлөөх бодолд үрийн орон оршино
Буй бүхнийг яг одоод хураагаад
Санан санан сайн сэтгэлийг боловсруулах нь
Үгэнд үнэний хүчийг оршоогоод
Түвшин шударга ёсыг дадуулах нь
Сэрж оршихуйн
Гэрэлтэх ухамсрын дуун болой
Сүүдэрт нь суух гэж моддыг тариагүй
Сайхныг хураах гэж хорвоог аргадахгүй
Би-г бодлоос нууж, сэтгэлээс одуулаад
Бяцхан чөлөөнд нь гэгээн бүхнийг урлаж сууя