Sunday, 28 April 2024

НАМАЙГ ХҮЛЭЭСЭН НИГҮҮЛСЭЛ



Таних, танихгүй зочин олонтой Салахгүй юм шиг чөлөөгүй наргилаа Цэнгэлийн аагийг жирийнд бодоод Хорвоогийн үнэнийг огоорч цэнгэлээ
Итгэж инээлдсэн садан нөхөд Эсрэгцэж буцах өдөр ирэв Сэтгэлийн аглагт хөндүүр хоосон ч Нигүүлслийн тухай дөнгөөд бодлоо

Wednesday, 24 April 2024

БУЦАХДАА

Буяны хичээл, нүгэл, зовлон 

Бусдад харагдахгүй шаналан бүхнийг

Буцахдаа аваад л явна

“Би”-г орхиод одно

 

Saturday, 20 April 2024

"БИ" ҮГҮЙ

 

Биеэс Сэтгэлээс Мэдрэмжээс Бодлоос "Би"-г эрээрэй Үнэрээс Итгэлээс Мөрөөдөлөөс Дурсамжаас "Би"-г таниарай Үгсээс Салхинаас Чимээнээс Цэцэгсээс "Би"-г олоорой

Thursday, 18 April 2024

МИНИЙ ЗОХИОСОН ИНЭЭМСЭГЛЭЛ

Харанхуйн дунд зогсоод
Хүлээс үгүй хүслийг орхиод
Хүмүүний жаргасныг сонсон уясна

Жаргалын үрийг зохиомлоор суулгаад
Жавартай замын уртад зохирон
Хиймэл ч гэсэн инээмсэглэж сурлаа

Tuesday, 16 April 2024

ШҮЛЭГ, ҮНЭН ХОЁР

 

Амьдрал амтагдахгүй Итгэл үнэртэхгүй Мөр гэрэлтэхгүй ахуйд Шүлэг, үнэн хоёр л үлдэнэ Садан нөхөд урвасан ч Сайхан бүхэн арилсан ч Сэтгэл бүхэн буцсан ч Шүлэг, үнэн хоёр л үлдэнэ

Sunday, 14 April 2024

ЗОВЛОН ТУЛАХ НЬ ГАРЦААГҮЙ

Үнэн- Хүсэл Бодол Үг Үйл Амьдрал Үнэнд тулна Үнэн зовлонд тулна Зовлон тулах нь гарцаагүй үнэн
 

АЛБАН ЖУРМЫН САДАН

Итгэж инээлдсэн садан нөхөд Эсрэгцэж сэтгэл буруулах өдөр ирнэ Үүрдийн мэт дагиа үгс Өөрийн тань эсрэг шидлэхийг үзнэ
 

АМГАЛАНГИЙН УЧИГ

Албаны ширээнээс буухад Анд нөхөд холдоход Амраг садан буруу харахад Амгалангийн учиг чанарыг танив аа би
 

ӨГЛӨӨН ЖАРГАЛ

Өглөө босоод л 
Үхлийн тухай бодлоо
Өнөөдөр сайхан өдөр ажээ


Талын тунамал сайхан өглөөний зургийг илгээсэн Анддаа баярлалаа 🙏🙏


Friday, 5 April 2024

ХҮҮ МИНЬ ГАЛТАЙ АМЬДРААРАЙ

Хүү минь, Галтай амьдраарай Хүсэл мөрөөдлөө биелүүлж чадах Хүчтэй амьдраарай Хүсээгүй зовлон нөмрөхөд даван гарах Тэнхээтэй амьдраарай Хүмүүс чамаас урвасан ч уучилж чадах Уул амьдраарай Хүү минь, Галтай амьдраарай Хүссэнээ хэнд ч хэлж чадах Хүсээгүйгээсээ татгалзаж чадах Бардам амьдраарай Хүн чанартай, хувиршгүй үнэн Хүнийг хайрлаж үнэнч амьдраарай Хүү минь, Галтай амьдраарай Дүр эсгэж, жүжиг тоглож биш Дүүрэн амьдраарай Буй бүхэнд хайр түгээж, шатаж амьдраарай