Tuesday, 12 August 2025

АМЬДРАХУЙ

Үзэгдэх бүхэн хувилгаан шидтэй

Үнэний чинадад бурханлаг чанартай

Салхи исгэрэх нь ч номын аялгуутай

Сайхны хорвоод бүхнийг хайрлах нь

Амьдрахуй болой

БАГАА ТАЙЛ

 

Дүр эсгэ

Таалагд

Тааруулж хүс

Дотроо үх


Таалагдаж амьдрах уу?

Үнэнээрээ байх уу?

Чи яаж ингэж шааж чаддаг байна аа

Хэний төлөө амьдарна вэ?

ХООСОН

Зөрчлөөр дүүрэн цөөрөмд

Загас биш хүн болж сэллээ би

Зовлон, жаргалын алинд ч

Өөрийгөө алдахгүй гэж сөрлөө би

Үнэ цэнэ, цаг хугацааг даваад

"Би" гэдэг хоосон болохыг танилаа

Monday, 16 June 2025

self and Self (ӨӨРИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛ)

 

Би жижиг 

Чи үлэмж

Чи бол жинхэнэ би

***

Би:

Эго

Хүсэл

Айдас

Шаналал

Нэр төр

Нөхцөлт

Хувьсамтгай

Тусгаарлагдмал ухамсар

***

Чи:

Хувьсашгүй

Мөн чанар

Цаглашгүй энэрэл

Үүрдийн оршихуй

Айдас, эгогүй

Нэр төрөөс ангид 

Цэвэр ухамсар 

Жинхэнэ би

***

Чи бол үнэн

Би бол хуурмаг

Чи бол жинхэнэ би

БУЛШ

 

Мянган тохиолдолд үнэн оршив ч

Нэг л удаа худал байвал

Нэр чинь үхэж, худалч л үлдэнэ

Үнэнийг хайгаад олохоо больчихно.

УХААН


Муутай учирсан ч сайныг бодох зай

Муу сэтгэлд чөдөрлүүлсэн ч энэрэх зай

Муудаж, гомдсон ч эвлэрэх зай

Итгэл эвдсэн ч гэмших зай үлдээхийг ухаан гэх ажээ

Sunday, 1 June 2025

ЮМСЫН ДОТОР

Өнөөдөр хагдрах цэцэгс

Өчигдөр дэлгэрээгүй.

Өчигдөр дэлбээлсэн цоморлог

Өнөөдөр хагдраагүй ээ.


Цэцэгсийн төлөө үр соёолдоггүй —

Юмсын дотор

Өнгөрсөн үгүй ажээ.