Thursday, 29 September 2011

ХОЁР АЛТАН СҮМ

 The Golden Pavilion, Kyoto
Photo by Baavgai_ts

           Хоёр жилийн өмнө ийм юм бичиж байж ээ. Юм ухаж байгаад оллоо. Хуучин архивт байсан санагдаж байна. Эвдүүлчихсэн хойно яахав энд оруулчье.  Тухайн үед л төрж байсан мэдрэмж юм байлгүй. Яахав дээ

1925 онд Наран улсын нийслэл Токио хотод төрсөн Хираока Кимитаки гэх эр хүн төрлөхтний үгээр шаглах гайхамшигт ертөнцөд өөрийн нэр, мөрийг тод үлдээсэн этгээд. Юкио Мишима гэх нэрээр нь илүү мэдэх биз. “Машима” гэдэг нь “Үхэлд дурласан чөтгөр” гэсэн утгатай зохиомол нэр гэнэ. Тэр өөрийн гэсэн бүлэглэлийг үүсгэж, шогүнүүдын шийрийг хатаасан чанга эр байсан бололтой. 
Их л эмх цэгцтэй, эрч хүчтэй хүн байсан гэж бичиж үлдээсэн байх юм. Японы уламжлалт амьдрал, оюун санааны хэв маягийг ханхлуулсан “Тэнгист шингэсэн наран” тууж өгүүллэг, “Миний найз Гитлер” жүжгийн зохиол, “Алтан сүм” роман, кино зохиол гэх мэт 100 гаруй сэтгэлгээний бүтээлийг үлдээсэн. “Багны наминчлал” гэх анхны романаа 1948 онд бичиж байсан бол 1956 онд бичсэн “Алтан сүм” роман нь түний нэрийг Нобелийн шагналд гурван ч удаа дэвшүүлээд амжсан.
Өдрөөс өдөрт уламжлалт соёл заншил нь өрнийн амьдралын хэв маягт уусч байгаад сэтгэл зовних түүний амьдрал бүхэлдээ Самурайн амдрал байсан гэх. Тиймдээ ч хурдан бууны өөдөөс сэлэм далайн дайтах замналаар замнаж 1970 оны 11 сарын 25-нд гэдсээ хүүлэн ховоогоос хальсан биз. 
     Манайд түүний бүтээлээс бага саг орчуулагдсан. Дэлхийн шидээвэртэй олигтой танилцаж чадаагүй би ч гавихгүй амьтан. Японоос бол Абэ Ковогийн “Элсний эмэгтэй”, “Хүн сандал” гэх зэргээс хэтрэхгүй. Харин “Машима”-ийн “Алтан сүм”-ийг  олж зухас танилцсан нь ёстой л зол болж.  
Хэдэн сарын өмнө Киотод байх нөгөө “Алтан сүм” гээчийг очиж үздэг юм байна. Тайлбарлагч эмэгтэйн хэлэхэээр 1394 онд өөрийн залгамжлал эзэн ширээнээсээ татгалзсан Асакагагийн 3-р үеийн шогүн Есиумицу гэх нөхрийн дурсгалд зориулан Зэн буддизмын энэ сүмийг босгосон гэнэ. Хэн мэдэхэв. Үзэсгэлэнт цэцэрлэгийн дундуур хөврөх цардмал замааар алхан огцом эргэтэл нүдний өмнө тодрох дэлхийн оюуны үнэт бүтээлийг харуутаа л дуу алдсан, огшоод, оргиод, цоргиод л… 
Дайны жилүүдийн амьдралын хэв маяг, сэтгэлгээний тусгал, ээдрээ, түүний учир шалтгааныг тольдон харуулах уг зохиолд хөдөөгийн нэгэн бяцхан хүү амьдралын эрхээр сахил хүртэж, Алтан сүмийн онцгой үзэсгэлэнгээс сайхны тухай ойлголт авч харьцуулж байгаа талаар хүүрнэх бөгөөд хүү багаасаа л сүмийн агуу сайхны бишрэх ам дамжсан яриан дунд өссөн аж. Гэвч нүдээр үзээд бодож байсан шиг нь тийм ч сайхан санагдахгүй хуучирч муудсан барилга шиг л санагдадаг. Номын хуудсуудад үлдсэн энэ мэдрэмж огт төрөхгүй юм билээ. Арга ч үгүй биз, дасал болоогүй соёлын өв хойно. Хүний сэтгэлийн уялдаа, гоо үзэсгэлэнг жишиглэх хэмжүүр, сүсэг бишрэл, түүнд хандах хандлага, оюун санааны зөрчил тэмцлийн огтлолцол дээр өрнөх олон үйл явдлын талаархи дурдатгал толгойд зурс хийж орж ирэх шиг... 1994 онд дэлхийн соёлын өвд бүртгэсэн энэ хосгүй бүтээлийг ширтэн зогсоход Сүмийн эзэрхэг үзэсгэлэн бахтай ч юм шиг, эсвэл огт оргүй хийсвэр зүйл шиг санагдана. Орчлонгийн алив муу муухайг огоорч чадалгүй муу сурч, сургалтын төлбөрөөрөө геншаа эдлэж, хориотой зүгт өсрөн зүтгэх сэрэл мэдрэхүйн дундуур эсвэл огт ор үгүйн дундуур алхалж яваа мэт.
    Ниппоны барилгын өвөрмөц өнгө төрхийн хажуугаар Хятадын уран барилгын шинж ханхалсан энэ цогцолборын Алтан оройт сүм нь 3 төрлийн хэв маягийн зохиролыг хадгалж байдаг гэнэ. Нэгдүгээр давхарыг ордны маягаар бүтээсэн бол, удаахыг нь Самурайн уламжлалт хэвээр урлажээ. Харин гуравдугаар давхар нь Зэм буддизмын хэвтэй бөгөөд хоёр, гуравдугаар давхарыг уламжлалт аргаар алтаар бүрсэн байх юм. Ямар азаар Америкчууд Киото дээр нөгөө мөөгөн давхраагаа босгочихоогүй юм вэ?. Хувь заяа л байх. Нуурын мандалд толиотон сүндэрлэх энэ бүтээлийн дотор ямар үзэсгэлэн нуугдаа бол гэсэн шунаг шохоорхолд өөрийн эрхгүй автана. Ийм гайхамшгийг хайрласаар атлаа шатаачихдаг Мизогути ч ёстой адгийн амьтан байж таараа гэсэн харуусалд автан цааш сажиллаадаа. Ёр нь ч муу муухайд ховсдуулсан амьтан байсан даа. Адаглаад л хараасан хүүхэн нь хайртай залуудаа буудуулаад үхчихдэг ш дээ.
Чийг анхилж хамар цоригсон, сэтгэл татах үзэсгэлэнг цагийн эрхэнд орхилоо. Энэ хооронд гайхамшигт хувь заяагаар илрэх  зохиолчийн агуу сэтгэлгээ зөвхөн толгой дотор төдийгүй бүхий л биеэр цахилгаан гүйдэл мэт цахилах шиг болов. Нөгөө үхэлд тэгтэл дурлагч нөхрийн оюун сэтгэлгээг байдаг чадлаараа бахдаж, биширэхээс өөр ухаан олдсонгүй. 
Эргээд хартал цоролзох улаан гал сүмийг бүрхэж харагдах болов уу? гэсэн бодол гэнэт л зурс хийв. Ахин дарин эргэж харсаар, төгс зохиролын бодит үзэмж мөрхөд тэндээ торойн хоцров.
Гэнэт хачин этгээд авиа, аялгуу соносогдох шиг. Цаашлах тусам улам сонсоглонтой болж байлаа. Хагас нээлттэй жижиг сүмийн хаалгаар хаврын урь анхилах шиг хамар гижигдэнэ. Эзнээ битгий хуураарай гэдэг билүү. Өнөөх алдарт цайны ёслолоо үйлдэж байгаа нь тэр.  Бүсгүйчүүд их л нямбай хандах нь ёст их хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл гэнэ. Харин надад  хэн нэгэн нь гэнэт энгэрээ ярж, хэдхэн хоногийн дараа алагдах хайртай загуудаа хөхнийхөө сүүгээр цай сүлж амтлуулж байгаа дүр л харагдаад, бодлоосоо цэрвэж суув.  
Геншагийн суурин, хуучны, соёл зан заншлын төв Киотог орхиход зүйрлэшгүй баясал, сэтгэл ханамж, таатай байдлыг мэдэрч байлаа. Юутай ч хүн төрлөхтний соёлын өв, оюун санааны шидэт ертөнцийн орчил, бодлын хэмжээст орон зайгаар аялаж үзсэн нь зол боллоо. Олигтой уншиж гавиагүй миний тархинд таашаал мэдрэмжийг тултал амтлуулсан агуу утга зохиолын шид, тэнгэрлэг авьяастны хишиг дор сөгдмүй.

No comments:

Post a Comment